04 Jun “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нээлтийн семинар боллоо
Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран Монгол улсын барилгын салбарын эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт бүхий “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нээлтийн семинарыг өнөөдөр зохион байгууллаа. БХБЯ, НҮБХХ-ийн туслалцаатайгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сан, Монгол Улсын Засгийн газар, НҮБХХ, хувийн хэвшлийн 3 жилийн хугацаанд 8.1 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих юм.
Салбарын нийт 100 орчим төлөөлөгчид семинарт хүрэлцэн ирж, Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, түүнийг тооцоолох тогтолцоо мөн түүнчлэн хэрэгжүүлэгч байгууллага, институт, техник, боловсон хүчин, мэргэжилтнүүдийн асуудлуудыг хэлэлцлээ.
Төслийн зорилго нь Монгол улсад хүлэмжийн хийн ялгарлыг (ХХЯ) бууруулах үндэсний арга хэмжээг барилгын салбарт хэрэгжүүлж, тус салбарт эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ, ХХЯ-ын тооцоо судалгааг бий болгох, ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний үр дүнг хэмжих, тайлагнах, нотлох (MRV) механизмыг бий болгоход чиглэж хэрэгжих юм. Төслийг хэрэгжүүлсний үр дүнд эрчим хүчний хэрэглээг бууруулснаар нүүрсээр галлах усан болон уурын халаагуур зуух, цахилгаан станцаас гарах цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн эрэлт багасч, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна.
Тус семинараар төслийн зорилго, гарах үр дүн, стратеги, түүнчлэн голлох үйл ажиллагааны талаарх илтгэлүүдийг сонсож төслийн зорилгод хүрэхийн тулд эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох тогтолцоог бий болгох, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар өөрсдийн санал бодлыг илэрхийлэв. Семинарын үр дүнд төслийн оролцогч, хамтрагч талууд нэгдсэн ойлголтонд хүрснээр төслийн цаашдын үйл ажиллагаанд тэдний үүрэг оролцоо, санал бодлыг тусган хэрэгжүүлэх, чиглүүлэх хөдөлгөгч хүчийг бий болгосон нь тус семинарын ололт байлаа.
via http://mcud.gov.mn
No Comments