27 Sep 125 жилийн настай салхин тээрмийг модерн хаус болгон өөрчилжээ
Английн Суффолк сууринд өдгөө 125 жилийг элээгээд буй хуучны салхин тээрмийн барилгыг орчин үеийн тансаг сууц болгон өөрчилжээ. “Beech Architects” архитектурын компанийн залуусын засч тохижуулсан энэхүү сууцыг жуулчдад зориулсан түрээсийн байр болгон ашиглах юм. Ерөнхийдөө дугуй, тойрог хэлбэрийн сууц учраас түүнд нь тохируулан гэрийн бүхий л тавилгыг захиалгаар гүйцэтгүүлсэн байна.
Тэртээ 1891 онд баригдаж байсан 18 метр өндөр уг салхин тээрэм нь тухайн үедээ хөдөө аж ахуй, газар тариаланд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Хэдийгээр олон жил болж, хуучирсан ч түүний бат бөх чанар нь ийнхүү орчин үеийн сууц болгоход нөлөөлсөн юм.
Байшинг захиалан өөрчлөлт хийлгэсэн гэр бүлийнхэн нэмэлт орлого олох зорилгоор ийнхүү тээрэмдээ засвар хийлгэсэн нь архитектур, интерьер дизайн сонирхогчдын анхаарлыг ихэд татжээ. Архитекторууд гадна хананд тусгаарлагч ханануудыг нэмэлтээр тавьж, байгууламжийн дээд хэсэгт модон хийцээр ажиглалтын хэсгийг байгуулсан аж. Үүнийг 200 ширхэг цайрдсан хавтангаар хучиж өгчээ.
Нутгийн зарим оршин суугчид уг сууцыг орчиндоо зохицоогүй, тохиромжгүй өөрчлөлт болсон гэж үзэж байгаа ч 125 жилийн настай уг салхин тээрмийн өөрчлөлт нь архитектурын RIBA шагналд нэр дэвших эрхтэй болсон байна.
Sorry, the comment form is closed at this time.